Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ХАЛХГОЛЫН ДАЙНЫ 80 ЖИЛИЙН ОЙД: ХАЛХГОЛЫН ДАЙНЫ ТУХАЙ

2019-06-28 09:47

Байлдааны эхний үе. 1939 оны тавдугаар сарын 11-31-ний өдрүүд
Хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнуулын шинжтэй тулаан болж, Японы 2600 цэрэг Номон хан, Бүрд овоо руу Хайлаастын голын дагуу орж ирж цохигдоод 400 гаруй цэрэг, техникээ алдсан.

Байлдааны хоёрдугаар үe. 1939 оны долдугаар сарын 2-7-ны өдрүүд, банцагааны тулаан
Япончууд долдугаар сарын 3-ны үүрээр Халх голыг гаталж, Баянцагааны нуурыг эзлэв. Гэсэн ч хоёр хоногийн дараа эргэн цохигдоод ихэнх танк, их буу, 45 онгоц, 5500 хүнээ алдаж Халх голын цаана хөөгдөн гарсан.

Байлдааны гуравдугаар үе. 1939 оны долдугаар сарын 8-наас наймдугаар сарын 20-ны өдрүүд
Япончууд агаарын тагнуул хийж долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 4-ний өдрүүдэд 116 онгоцоо алдсан. Жижиг довтолгоон явуулсаар байлаа.

Байлдааны дөрөвдүгээр үе. 1939 оны наймдугаар сарын 9-31-ний өдрүүд
Орос, Монголчууд дайсныг хойд урт талаас нь нуман хэлбэрээр бүсэлж, их буугаар бүтэн цаг буудсан юм. Дараа нь 150 бөмбөгдөгч, 100 онгоцоор а тал нөөцийг нь цохижээ. Эцэст нь 300 онгоц нэмэн бүх хүчээрээ дайтлаа. Энэ өдөр онгоцоор 256 удаа нислэг хийж, 850 тонн бөмбөг хаяв. Үүнээс хоёр хоногийн дараа талууд нийт 420 онгоцоор агаарын тулаан хийсэн юм. Улмаар наймдугаар сарын 23-ны өдөр бүр мөсөн бүсэлж, 31-ний өдөр нь Японы алдарт Квантуны зургадугаар армийг бут цохижээ. Энэ өдрүүдэд Оросын 173 нисгэгч, 214 онгоц, Орос, Монголын 9824 дайчин амь эрсдэж 10.000 орчим хүн шархдав.

Бид ялав. Есдүгээр сарын 16-ны өдөр
Дайсан ялагдлаа хүлээж, дайныг зогсоон, бууж өгөх актанд гарын үсэг зурсан юм, Дөрвөн сарын турш үргэлжилсэн Халх голын байлдаан Монгол, Зөвлөлтийн армиудын баатарлаг ялалтаар ийнхүү төгсчээ.

Байлдааны штаб
ЗСБНХУ-ын батлан хамгаалах ардын комиссар, маршал К.Е.Ворошиловчын тушаалаар 57 дугаар тусгай корпусыг өргөтгөж, Халх голын байлдааны армийн нэгдүгээр бүлэг болгон зохион байгуулсан юм. Ингээд командлагч, цэргийн зөвлөлийн гишүүн, штабын даргаар Г.К.Жуков, М.С.Нисишев, М.А.Богданов нарыг томилогдон Халх голын фронтыг удирдаж байв. Харин МАХЦ хувьд Зөвлөлтийн улаан армийн нэгдүгээр бүрэлдэхүүнд орж тулалдсан юм. МАХЦ-ийн байлдааны ажиллагааг Ерөнхий сайд, Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан ерөнхийд нь удирдаж байлаа.

Мөн энэ ажиллагааг Бүх цэргийн жанжины орлогч, цэргийн дарга Ж.Цэрэн, тус штабын байлдааны хэлтсийн дарга Г.Эрэндоо, нисэх хүчний командлагч М.Зайсанов, их бууны бэлтгэлийн дарга Б.Цогт, хуягт танкны газрын дарга Ч.Мижид нар удирдаж байв. 1939 онд Сангийн яамны сайд байсан Ю.Цэдэнбал улс орны батлан хамгаалах хүчийг зузаатган бэхжүүлэхэд анхаарч, Халхын голын фронтод байлдаж байсан ангиудыг хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангах чухал ажлыг удирдан зохион байгуулж байжээ.

Цэрэг зэвсгийн хүч
Энэ дайнд хоёр талаас 130 гаруй мянган хүн, нэг мянга гаруй танк, 800 гаруй хуягт машин оролцсон нь орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласныг харуулна.
Дөрвөн cap үргэлжилсэн энэ байлдаанд МАХЦ-ээс голлох хүнд үүргийг Тамсагийн зургадугаар дивиз, Матадын наймдугаар дивиз, Баянтүмэнгийн сөнөөгч-бөмбөгдөгч нэгдүгээр хороо гүйцэтгэсэн байдаг. Халх голын байлдаан дэлхийн түүхэнд хамгийн том хэмжээний агаарын тулаан болон тэмдэглэгдэн үлдсэн юм.

Халх голын дайнаас төрсөн баатрууд
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор МАХЦэргийн 726, Зөвлөлтийн улаан армийн 326 цэрэг, дарга нарыг төрийн дээд шагнал, Байлдааны гавъяаны одонгоор шагнаж, эрэлхэг дайчин Л.Дандар, Ц.Олзвой, Л.Гэрэлбаатар, Д.Хаянхярваа, Ч.Дугаржав, Д.Нянтайсүрэн, П.Чогдон, Д.Гуулин, Д.Самдан, М.Экей, Н.Жамбаа, С.Төмөрбаатар, Г.К.Жуков, И.И.Федюнинский нарт БНМАУ-ын баатар цол олгов.

Харин ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлтийн тэргүүлэгчдийн зарлигаар Улаан армийн байлдагч, дарга улс төрийн ажилтан нийт 17068 хүнийг Зөвлөлтийн төрийн дээд шагнал одон, медалаар шагнаж, 73 хүн ЗХУ-ын баатар болсны дотор Зөвлөлтийн нисэх хүчний командлагч Я.В.Смушкевич, нисэх хорооны дарга Г.П.Кравченко, С.М.Грицевец нар хошой баатар болжээ. Мөн зөвлөлтийн армийн зургаан нэгтгэл ангийг Лениний одон, 25 анги нэгтгэлийг Улаан тугийн одонгоор шагнасан байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар