Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Л.Мягмарсүрэн: Халх голын дайн Азийн орнуудын хувьд тусгаар тогтнолоо сэргээхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн

2019-05-29 16:14

Өдгөөгөөс 80 жилийн тэртээ Манжго, Японы армитай хүч хавсран нууцаар хуйвалдан Монголын газар нутагт зүүн хилээр нэвтэрч дайсагнав. Үүний эсрэг Монгол, ЗХУ-ын цэрэг дайчид нэгдэн байлдаж эх орноо батлан хамгаалж, харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж чадсан тэр түүхэн үйл явдлыг “ХАЛХ ГОЛЫН ДАЙН” хэмээн зарласан юм. Хамгийн анх 1934 оны 9-р сарын эхнээс 1939 оны тавдугаар сар хүртэл Японы арми Монгол улсын хилийг 60 гаруй удаа зөрчиж, өдөөн хатгасан.

Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдсан Зөвлөлтийн 17121, манай 726 цэргийн дарга, офицерууд одон медалиар шагнуулсан байдаг аж. Халх голын байлдаанд зөвлөлтийн 26840, Монголын 990 хүн алтан амиа алдсан байдаг.  Амиа алдсан 28 цэргийн нэг Монгол, 27 нь зөвлөлтийн дайчид байжээ гэсэн эрдэмтдийн судалгаа гарчээ. Ийнхүү үрэгдсэн амь, тэмцсэн тэмцэл, үлдсэн газар нутаг, хамгаалсан дайчдынхаа бүхий л үйл хэргийг Халхын голын сав газар шархтай тээж байдаг аж.

Монгол улсын ард түмний тусгаар тогтнолын түүхэн 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейгээс санаачлан “Тэд бидний төлөө... Бид тэдний төлөө” сэдэвт танилцуулах уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус уулзалтад Халх голын дайнд оролцсон дайчдын ар гэрийнхэн, үр хүүхэд, хамаатан садангууд оролцож, түүхэн ном бүтээх үйлсэд оролцохоо мэдэгдэж өөр өөрсдийн мэддэг түүх, дурсамжаа цуглуулан өгч байна. Ийнхүү түүнийг Халх голын дайны талаар өөрийн судалгааны бүтээлээ танилцуулж, дайнд оролцож явсан цэрэг эрсийн ар гэрийнхэнтэй уулзаж, ном, аяныхаа талаар ярилцах өдөрлөгт нэгэн амьд түүх, амьд гэрч ирсэн нь тэнд цугласан зочдын анхаарлыг ихэд татаж байв.

Тэр хүн Халх голын байлдааны Монгол, Зөвлөлтийн цэргийн эмнэлэгт 15 настай сургуулийн хүүхэд тэсрэх бөмбөг, исгэрэх сумны өөдөөс зориглон зогсож, найрамдалт улсын цэрэг эрсийн эрүүл энхийн манаанд зогссон Ц.Нямсүрэн гуай байлаа.

Тэрбээр ярихдаа “Аавынхаа хамт энэ дайнд оролцож байснаараа бахархдаг. Одоо бодоход амаргүй, буун дуу шунгинасан, амс хийх ч завгүй хүндхэн жилүүд байсан. Би Баянтүмэнгийн хүн. Хичээлдээ сууж байтал хичээлийн эрхлэгч маань орж ирээд тайван аргаар эрдэм заах боломжгүй болсон тул энэ өдрөөс хойш сургалт амарч байгаа шүү гэсэн. Манай ангийн бүх эрэгтэй хүүхдүүд хугацаат болон түр цэрэгт, цэргийн ар талын ажиллагаанд явцгаасан. Учир дандаа охид үлдсэн нь тэр. Тэгээд би босоод ангийнхаа нөхдөд уриалсан. Бүгдээрээ ингэж байхаар тэдэнд туслая гэтэл намайг дэмжиж хоёр охин бослоо. Ахиад уриалтал тав болсон. Ахиад хэлтэл 13 болсон. Хэсэг хугацааны дараа ангиараа дэмжсэн. Ингээд манай ангийн 20 охиноос 16 нь Тамсаг булагт ирж надтай нийлээд гурав нь хээрийн цэргийн ангид сувилагч, асрагч, бусад нь морь мал адгуулах, тогооч хийх, угаагч зэрэг өөр өөрийн ажилд хуваарилагдсан. Орос цэргүүд биднийг гайхдаг байлаа. Жоохон хүүхдүүд юу хийж яваа юм бэ гэж. Эр эмгүй, хөгшин залуугүй Халх голын байлдаанд орсон. Зэргэлдээ сумдын эгч нар хүртэл ирчихсэн нуувч ухаж, цэргийн хоол хүнс бэлтгэдэг байсан. Ингэж л халх голыг аварч үлдсэн дээ бид” хэмээв.

Түүний энгэрт байлдааны гавьяаны улаан тугийн одон, алдарт эхийн хоёрдугаар одон болон ардын хувьсгалын түүхэн ойн тэмдгүүд, ЗХУ-ын жанжин В.Жуковын нэрэмжит гуравдугаар медаль хүртэл зүүлттэй байх нь тухайн цаг үеийн амьд гэрч болохыг нь бүрнээ илтгэж мэт.

Аавынхаа, ахынхаа, өвөөгийнхөө түүхэн үйл хэргийг мөнхжүүлэхээр архиваас лавлагаа авч, зураг хөрөг, үүх түүхийг нь эвэрсэн хөгшчүүл Бид тэдний төлөө аяныг зорьж иржээ. Тэд өөрсдийн мэддэг бүдэгхэн дурсамжаа тодруулахын тулд Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд дэв аянд ийнхүү идэвхийлэн оролцож, түүхийн шаргал хуудсыг зузаалахаар ирцгээсэн аж.

“Тэд бидний төлөө... Бид тэдний төлөө” өдөрлөгийн үеэр Халхголын байлдааны талаар судлаач, Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэнтэй уулзаж ярилцлаа.

Түүхэнд Халх голын байлдаан, дайн, зэвсэгт мөргөлдөөн гэх зэргээр тэмдэглэсэн нь бий. Бид яг юу гэж ярьж, бичиж тэмдэглэж байх нь зөв бэ?

Олон улсын эрдэмтэд “ХАЛХ ГОЛЫН ДАЙН” гэдэг нэршил дээр тогтоод байгаа. Ер нь оролцсон улс, хүн хүч, цэрэг дайчид, хохирол, газар нутаг зэргээс нь үзвэл яахын аргагүй ДАЙНЫ шинж чанартай болж байгаа. Хятад буюу Манж го, Монгол, Орос зэрэг улсууд үүнийг дайн гэж үзэж байгаа. Харин Япон улс бол үүнийг хилийн мөргөлдөөн төдийгөөр үздэг.

Тэд бидний төлөө 80 жилийн өмнө халуун амь, бүлээн цусаа урсган байж тулалдсан. Харин тэр их үнэ цэнэтэй ялалт, газар нутгийг зөв хайрлан хамгаалж чадаж байна уу?

Өнөөгийн бидний алхах газар, уух ус, амьсгалах агаарыг үлдээсэн тэр зоригтон хүмүүсийг дурсах, хамгаалах, хайрлах ёстой. Тийм ч ураас “Тэд бидний төлөө, Бид тэдний төлөө” аяныг эхлүүлсэн. Эхлээд орон нутагтаа өрнүүлсэн. Аймгийн хэмжээнд явуулсан. Одоо улсын хэмжээнд аянаа өрнүүлэхээр зэхэж улсын комисс хандаж байна. Тэр олон ахмад дайчид, алдарт хүмүүсийн нэрийг бататгаж, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэх нь бидний үүрэг юм.

Тухайн үед хүн хүч, зэр зэвсгийн хувьд багагүй хохирол учруулсан. Мөн түүнээс ч дутахааргүй газар нутгаа бид урд хөршийн мэдэлд алдсан байдаг гэлээ. Хэдий хэр газар нутаг БНХАУ-ын мэдэлд байдаг юм бэ?

 Дайн бол хүсээд байхаар зүйл биш гэдгийг урссан цус, өргөсөн амь, алдсан газар нутгийн хэмжээгээр бид мэдэрдэг. Мана уулын тул гаралтын дараагаар бага сага мөргөлдөөн болдог л байсан. Түүний дараа дайн зогсож, хил хязгаар тогтооход манай улс 62,5 мянган га газар алдагдсан байдаг юм. 1947 он хүртэл маргаантай байх үед. Сүүлд 160 онд НҮБ-ын гишүүн болсноороо бид газар нутгийн хэмжээг бататгаж, дахиж алдах аюулаас нэг мөсөн салсан. Тухайлбал Халхын халуун рашаан гэдэг бол бидний өвөг дээдсийн нутаг. Тэмээгээр очдог байсан нутаг маань одоо БНХАУ-ын мэдэлд байна. мөн Буйр нуурын нийт ай сав газрын найман хувь нь Хятадын мэдэлд, үлдсэн 92 хувь Монголд байдаг гэх мэт асар их зүйл ярьж болно.

Халх гол сум бол яах аргагүй түүхэн ялалтын өлгий нутаг. 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газраас 80 сая еврогийн буцалгүй тусламж олгож ШИНЭ СУМ болгохоор шинэчилж байна. Ялалт музей ч бас шинэчлэгдэх үү?

Тэгэлгүй яахав. Сум тэр аясаараа шинэчлэгдэнэ. ОХУ-ын төр засгаас мөнгө нь илүүдсэндээ Халх гол сумыг шинэчлээд байгаа юм биш. Халх голын дайнд монголчууд, ЗХУ-ын дайчид ялаагүй бол 1945 оны чөлөөлөх дайн гэж болохгүй байсан. 10 сарын эхээр 70 жилийн баяраа тэмдэглэх Хятадын тусгаар тогтнол ч гэж байхгүй байх байсан. Энэ бол Оросуудын алдар гавьяаг, Монголчуудын эр зоригийг сэргээсэн түүхэн үйл явдал. Ийм учраас ч В.И.Путин ач холбогдол өгч манай сумыг шинэчилж, Зөвлөлтийн дайчдын алдар гавьяаг мөнхжүүлж аугаа их Жуков жанжны их үйлсийг алдаршуулах гэж байна.  Энэ ялалт бол олон улсын түүхэн хувь заяаг эерэгээр шийдсэн сайн талтай. Дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байсан гэж болно.

Энэ түүхт нутагт тулалдаж яваад бидний төлөө мөнхөрсөн аугаа их дайчдын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор ном бүтээж байгаа гэлээ. Бас л түүхэн дотор багтах түүх бүтээх нь. Дайнд оролцож явсан бүх хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбогдож чадсан уу?

Санаа нь бүгдэнтэй нь холбогдох бодолтой байгаа. Гэхдээ цаг хугацааны ирэхээр их бүдгэрч, зарим нь бүүр замхарсан байна. судалгаа хийж, асууж лавласны хүчинд нутаг орныхоо хүмүүсийг нэрсийг яг гаргаж, музейнхээ хананд бичээд байгуулчихсан. Ядаж нэрийг нь мөнхөлсөн зөв байх. Тэгээд аймгийнхаа бүх сумдаас нэрс авч байна. Одоогоор 100 гаруй хүний түүх, баримт, зураг цугласан. 300 орчим болчихвол түүхчилсэн цуврал ном гаргана.

 Удахгүй ой түүхэн их явдлын ой болох гэж байгаа учраас энэ цаг үед хүүхдүүд идэвхтэй оролцож байна. Гэтэл залуучууд Халх голын байлдааны тухай мэдээлэл дутмаг юм шиг санагддаг. Та санал нийлэх үү?

Дээх нь үед 10 жилийн сургууль бүрт “Ерэн баатрын дууль”, “Чингис”, “Тусгаар тогтнол” шүлгүүдийг цээжээр уншуулж дүн гаргадаг байлаа. Одоо тийм биш болсон. Эх оронч үзэл, эртний түүх, уран зохиолын хичээл орохоо байсан. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа болдог гэж үнэн. Одооны залуучууд мэдэхгүйн далайд живж байна. Харин Дорнод аймагт тийм биш. Дорнодын сургуулиуд хичээлийн их завсарлагаа-наар дээрх шүлгийг цээжээр уншиж, халх голын тухай дуу дуулж, бүжиг сургуулилт хийдэг болсон. Одоо овоо сэргэж байна гэлээ.

http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=25253&fbclid=IwAR0mGfQLpBKSTmEw30Sf_s6K9G8vP8TJGXWHA3Xp4soQt5P13fVGTF7w69M



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар