Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭНГИЙН ХЭЛСЭН ҮГ

2019-03-11 15:01

 

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга аа, аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, хамт олон, Зүүн БОЭТ-ийн удирдлага, эмч нар, Уламжлалт анагаах ухааны төв, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд аа.

Та бүхэндээ энэхүү өдрийн мэндчилгээг дэвшүүлж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан, дэмжин ажилладаг ариун цагаан үйлст Тань өндөр амжилт хүсэн ерөөе.

Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чойбалсан хотод зорин ирж, Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын ажил байдалтай танилцаж, удирдах ажилтны зөвлөгөөнд оролцон, зорилтот жилийн нээлт, вакуум хагалгааны өрөөг хүлээн авах үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч оролцож буй Б.Бямбадорж дарга Танд аймгийнхаа нийт иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Өнөөдрийн энэхүү зөвлөгөөнд Та бид өмнөх оныхоо ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэн, энэ онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо хэлэлцэн хүрэх үр дүнгээ тодорхойлохоор хуран цугласан.
Яагаад Та бид хэмээж байна гэхээр Дорнод аймгийн Засаг дарга гэдэг нийтийн албан тушаалтан бол Дорнод аймгийн 82,0 мянган иргэний төлөө, тэднийхээ эрүүл мэндийн төлөө ажиллахаар сонгогдсон хүн учраас.

Манай орны хувьд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүндрэл бэрхшээл их байна. Манай аймгийн хувьд ч мөн адил.
Тиймээс бид хэн нэгнийг хийж өгөх болов уу гэж хүлээж цаг алдалгүй, өөрт байгаа боломжоо бүгдийг нь дайчлан ажиллах учиртай.
"Та бүхэн амжилтад хүрье хэмээн бодож байвал өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ бүгдийг хий. Үлдсэнд нь бурхан тусална" гэсэн үг байдаг.

Манай аймгийн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нааштай эерэг сайн өөрчлөлтүүд гарсаар байна аа. Эрүүл мэндийн салбарт ч мөн адил.
Тухайлбал;
- Хүний хөгжлийн үндсэн гол үзүүлэлтийн нэг болох боловсролын салбарт тэр дундаа Ерөнхий боловсролын сургалтын чанар, төгсөгчдийн үнэлгээгээр сүүлийн 4 жилд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийг тогтвортой тэргүүлж байна.

- Нөгөө нэг гол үзүүлэлт болох хөдөлмөр эрхлэлтийн байдал сайжирч, ажилгүйдлийн түвшин 2 оронтой тооноос нэг оронтой тоо буюу 7 хувьд хүрч буурсан
- Гурав дахь гол үзүүлэлт болох эрүүл мэндийн салбарт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа, сүүлийн 6 жилд эхийн эндэгдэлгүй ажилласан бол нялхсын эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь хүний хөгжлийн индексийг дээшлүүлэх, Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах чухал хүчин зүйл юм.

Манай аймаг хүн ам, байгалийн нөөц баялаг, газарзүйн байршлын давуу талаа түшиглэн эдийн засгийн салбаруудаа дэмжин хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдсэн, худалдаалагдсан, үйлчилгээ үзүүлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж эдийн засаг жилдээ 15,0-20,0 хувиар өсч улсын хэмжээнд 21 аймгаас Орхон аймгийн дараа 2 дугаарт эрэмбэлэгдэж байгаа хэдий ч тус үйлдвэрлэл, борлуулалтаас орох орлого, татвар бараг бүхэлдээ улсын төсөвт төвлөрч, тэндээсээ бүх аймгуудад тэгш хуваарилагдаж байгаа тул тус өсөлтийн үр өгөөж бидэнд төдийлөн наалдаж чадахгүй байгаа нь хэнд ч нууц биш ээ.

Гэхдээ бид орон нутгийн зүгээс тодорхой бодлого, зорилт дэвшүүлж хуулийн дагуу аймагт төвлөрөх татварууд болон газрын тос, уул уурхайгаас орох мөнгөн дэмжлэгийн хэмжээг эрс нэмэгдүүлж ажилласнаар тус орлогыг аймгийнхаа хүний хөгжил тэр дундаа эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж байна.

Аймгийн нийт хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын бус зардлын 10,4 хувийг өнгөрсөн онд зарцуулсан бол энэ онд 5 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөөд байна.
Өмнөх онд ЭМЯ-наас манай аймгийн БОЭТ-ийг орон нутгаасаа хамгийн их хөрөнгө оруулалт татсан БОЭТ -ээр шалгаруулж байсан нь үүний нэг нотолгоо юм.

Бид аймгийнхаа БОЭТ-д
1. Тус төвийн удирдах ажилтнууд болон эмч нарыг гадаад орнуудад сургалт, семинар, туршлага судлахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
2. Өнгөт ЭХО, тархины оношлогооны аппарат, арьс нөхөх багаж, Хүүхдийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэргээр орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд ирэх сар гэхэд КТГ-ын аппаратыг суурилуулах гэж байна.
3. Мөн эмнэлгийн барилгуудын засвар, шинэчлэлт болон гаднах зам талбайг шинээр байгуулах, тохижуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлж байна.

Цаашид;
1. Эрүүл мэндийн бүсийг жинхэнэ утгаар нь байгуулж, шаардлагатай газрыг чөлөөлөн тус бүс дотроо амралт чөлөөт цагийн талбай ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаас гадна Нийгмийн эрүүл мэндийн төвийг зоонозын лабораторитайгаар, Уламжлалт анагаах ухааны төв, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангуудийг мөн уг бүсдээ байгуулах болно.
2. Мөн өмнөхийн нэгэн адил боловсон хүчнээ сургах, дэмжих, засвар тохижолт, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангахад үтгэлжлүүлэн дэмжих болно.
Сум, өрхийн ЭМТ-ийг дэмжиж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж ,ажиллах нь хамгийн чухал. Энэ ч үүднээс манай аймгийн ЭМГ-аас 2017 онд "Анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг дэмжих жил" болгон ажиллаж, өнгөрсөн 2018 онд “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх жил” болгон зарлаж, 517.4 сая төгрийг зарцуулж тодорхой үр дүнд хүрсэн.

Тухайлбал;

1. Сумдын эмч нарыг сургах, мэргэшүүлэх, тэдэнд арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх
2. Сумдын ЭМТ-д орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног, төхөөрөмж, багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлэх
3. Түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх, засварлах ажлыг ЭМЯ-тай хамтран хийж хэрэгжүүлсэн. Өнгөрсөн онд гэхэд аймгийн төсвөөс 2 Өрхийн ЭМТ-ийг автомашинаар хангасан.
4. Аймгийн төвийн Өрхийн ЭМТ-үүдэд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, засвар тохижолтын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Аймгийн төвийн 3 Өрхийн ЭМТ-ийн барилгын 2-ийг нь улсын төсвийн, 1-ийг нь аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр бариад байна.

Цаашид;
1. Энэ онд аймгийнхаа нийт 16 анхан шатны эмнэлгүүдэд тус бүрт нь 10,0 сая, нийт 160,0 сая төгрөгийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар аймгийн төсөвт батлаад байна.
2. Мөн аймгийн төвийн Өрхийн ЭМТ-үүдэд ажиллаж буй залуу их эмч нарыг дэмжин тус бүр 1,0 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг, урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.
Мөн үндэсний болон орон нутгийн хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор аймгийн төсвөөс 482.9 сая төгрөг гарган ажиллаж, аймгийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх жил” болгон зарлалаа.

Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, Эх хүүхэд, нөхөн үржихүйн, Халдваргүй нярай, Хүүхдийн зуны сувилал, Томуугийн эсрэг дархлаажуулалт,
Сүрьеэ, БЗХӨ-ийг бууруулах, Зүрх судасны өвчлөл, Чихрийн шижинтэй тэмцэх, Явуулын эмнэлгийг хөдөөгийн бүх сумдад жилд 2 удаа ажиллуулах, Ил тод эрүүл мэндийн цахим үйлчилгээ төслийг БОЭТ-д хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Энэ мэтчилэнгээр бид бүхэн аймгийнхаа төсөв, санхүүгийн боломжийг бүрэн дайчлан иргэдээ аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд байгаа хөрөнгө мөнгөө зарцуулахыг эрхэм болгож байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай аймгийн Нийгмийн ЭМТ-ийн шинэ барилга эхэлж, Цагаан-Овоо сумын ЭМТ-д их засвар хийгдэх бол, БОЭТ-д суурин рентгэн аппарат нийлүүлэгдэнэ.
Улс болон аймгийн төсвийн хамтын хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оноос эхлэн хөдөөгийн сумдын ЭМТ-үүдийн 3-ны 1 хувийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгосон бөгөөд энэ ондоо багтаан сумдын ЭМТ-үүдийг 100 хувь эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг эрчимжүүлж байна.
Энэ дашрамд манай аймгийн эрүүл мэндийн салбарыг дэмжин ажилладаг ЭМЯ-нд талархал илэрхийлж байна.

Мөн Донор орнууд, Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хандан ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд Турк улсын ТИКА олон улсын байгууллагаас эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр болсон хэмээн мэдэгдсэнийг Та бүхэндээ дуулгая. Мөн хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудыг чадварлаг боловсон хүчин, байр сууц, тоног төхөөрөмж, санхүүгийн хувьд чадавхжуулахыг бүх талаар дэмжиж ажиллах нь зүйтэй. Ийм ч учраас аймгийн Засаг даргын хувьд миний бие хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хувийн хэвшлийн Эмнэлэг, Эмийн санг шинээр байгуулахыг бүрэн дэмжин ажиллаж байгааг Та бүхэн мэдэж байгаа.

Бид аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажиллаж байна аа. Өчигдөр нээсэн Вакуум хагалгааны өрөөг Х.Болорчулуун гишүүний дэмжлэгээр улсын төсөвт тусган баталж , шийдвэрлэсэн бол Нийгмийн ЭМТ-ийн шинэ барилгын санхүүжилтийг Н.Номтойбаяр гишүүн дэмжиж улсын төсөвт батлуулан баригдахаар боллоо.

"Цоохор даага жирийхээрээ жирийж, Цолмон хүү мэрийхээрээ мэрийж байж амжилтад хүрдэг" гэдэгчлэн бидний өчүүхэн чармайлтыг ойлгон дүгнэж ЭМЯ-наас манай аймгийн эмч нарыг гадаад, дотоодод сургах, цалин хөлс, эм тарианы төсөв санхүүжилт, орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, машин техник, багаж хэрэгслийг хуваарлах, Донор орнууд болон Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр дэмжин ажиллаж өгөхийг Эрхэм төрийн нарийн бичгийн дарга Танаас хичээнгүйлэн хүсье. Салбарын яам болон нутгийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааны үр дүнг орон нутгийн иргэд маань л хүртэнэ.

Манай аймгийн Эрүүл мэндийн салбарын ажил урагштай байгаагийн нэгэн илэрхийлэл бол аймгийн ЭМГ-ын хамт олон маань 2018 оны ажлаа Яамандаа дүгнүүлж смстемдээ 2 дугаар байранд орсон бол аймгийнхаа агентлагуудаас ажлаараа 3 дугаар байр эзэлсэн амжилтаас харагдаж байна.
Энэ бол ЭМЯ-ны дэмжлэг, аймгийн ЭМГ, БОЭТ, Уламжлалт анагаах ухааны төв, анхан шатны эмнэлгүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагуудын хамтын ажиллагааны бодит үр дүн юм гэдгийг онцлон тэмдэглэе.

Та бүхнийхээ Зөвлөгөөний үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Баярлалаа.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар