Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан бодлогын баримт бичгүүдийг танилцуулах арга хэмжээ боллоо

2019-02-25 09:25

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Архигүй Дорнодчуудын төлөө”, “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Зам, тээврийн осол, гэмтлээс урьдчлан сэргийлэх” хөтөлбөрийг иргэд, олон нийтэд танилцуулах нээлтийн өнөөдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат болон ГХУСАЗСЗ-ийн гишүүд, иргэд оролцлоо.

Арга хэмжээний үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Архигүй Дорнодчуудын төлөө”, “Зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх” “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” хөтөлбөрүүдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт гардуулах болон Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилга гарган манлайлан ажилласан иргэдийг шагнаж урамшуулав.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, олон нийтийн хүчинд түшиглэх, иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ талаар зохион байгуулж байгаа ажилд оролцох, аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах зарчимд тулгуурлан ажиллах учиртай.

Манай аймгийн хувьд онцгой анхаарал хандуулан бүх нийтээрээ тэмцэх шаардлагатай тодорхой төрлийн гэмт хэргүүд буюу архидалтаас үүсэн гарч буй гэмт хэрэг, зам тээврийн ослын, мал хулгайлах гэмт хэргүүдийн мэдээлэл, статистикийн тоо баримтыг судалсны үндсэн дээр түүний шалтгаан нөхцлийг тогтоох, арилгах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар орон нутгийн онцлогт тохирсон бие даасан хөтөлбөрийг боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Цагдаагийн газрын дарга, офицеруудын бүрэлдэхүүнтэйгээр аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан боловсруулж, аймгийн Хурлаараа хэлэлцүүлэн батлуулсан хөтөлбөрүүдээ өнөөдөр Та бүхэнд танилцуулж байна.

Аль ч нийгэмд аливаа ажлыг зохион байгуулж үр дүнд хүрэх эсэх нь нийт иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудын хамтын ажиллагаа, идэвхтэй оролцооноос ихээхэн хамаардаг. Ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол төрийн байгууллагын зөв бодлого, удирдлага, хамтын ажиллагаа, иргэдийн ухамсар, хандлага, эрх зүйн мэдлэг, төр хувийн аль ч хэвшлийн байгууллага бүрийн дотоод хариуцлагаас хамаардаг.

Аль ч улс оронд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх нь цагдаагийн байгууллагын үүрэг байдаг. Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн Цагдаа, хуулийн байгууллагын хийх ёстой ажил гэж ойлгох нь буруу бөгөөд энэ ажилд нийт иргэд, төрийн болон төрийн бус байгуулагуудын оролцоог хангаж, тэдний дэмжлэг, туслалцааг авч ажиллаж байж гэмээ нь үр дүнд хүрэх болно.

Манай ардын “Олны хүч Оломгүй далай” гэж мэргэн үг байдаг. Аливаа өвчнийг тусаж хүндэрсэн хойно нь өндөр өртөг бүхий оношлогоо, эмчилгээ хийлгэх нь харамсаад барахгүй цаг хугацаа, алтан боломжоо алдсан байдгаас гадна хувь хүн, нийгэмдээ асар их хохиролтой байдагтай адил гэмт хэрэг гарсан хойно нь илрүүлэх, таслан зогсоох, үр дагаврыг нь арилгахад урьдчилан сэргийлэхээс олон арав дахин их цаг хугацаа, боломжийг алдаж, ихээхэн хөрөнгө хүч зарцуулдаг.

Иймд “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАС ДАХИН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЬЕ” гэж Та бүхэндээ уриалж байна.

Манай аймгийн Хилийн цэргийн хурандаа, ахмад хилчин Дэнзэн гуай “Отрядын ажил ямар байх нь заставын ажил ямар байхаас хамаардаг” гэж хэлснийг тодхон санаж байна. Үүнтэй адилаар сум бүрийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд маань нутаг дэвсгэрийнхээ Цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч, цагдаа, олон нийтийн Цагдаа болон нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, энэхүү хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг онцгой эрчимжүүлж, идэвх зүтгэл санаачлагатай ажиллавал аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой ахиц дэвшил гарч, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Нөгөө талаасаа “Шударга ёс дээрээсээ тогтдог” гэсэн үгийг мөн сануулан хэлэхийг хүсэж байна. Учир нь сум, баг, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гаргасан өргөдөл, гомдол, дэвшүүлсэн санаачлагуудыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллах ёстой гэдэгт төрийн болон хууль сахиулах нийт албан тушаалтнууд Та бүхнийг санал нэгтэй байгаа гэж бодож байна.

Бидэнд өнөөдөр шийдвэрлэх шаардлагатай байгаа ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх гээд олон асуудалд хөрөнгө хүч зарцуулах шаардлага тулгарч байдаг. Гэвч жил бүрийн аймаг орон нутгийн төсвөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд тодорхой хөрөнгө зарцуулан ажилладаг. Энэ 2019 оноос эхлэн анх удаагаа нийт 7 суманд 10 Олон нийтийн цагдаа ажиллуулах, хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэл, хяналтын камеруудын засвар үйлчилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа гэх зэрэг нийт 300,0 шахам сая төгрөгийг аймгийн төсөвт батлан хэрэгжүүлж байна. Хэрвээ эдгээр ажлууд үр дүнгээ өгч байна гэсэн дүгнэлт гарвал ирэх онуудад энэ чиглэлд зарцуулах хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх болно.

Энэ ч үүднээсээ сонгон шалгаруулж томилогдохоор болсон Олон нийтийн цагдаа нарыг аймгийн Засаг даргын хувьд хүлээн авч уулзалт зохион байгуулан Олон нийтийн Цагдааг сумын Засаг даргын удирдлаган доор, аймгийн Цагдаагийн газар мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахаар шийдвэр гарсан.

Мөн аймгийн төв рүү зорчин ирэх, гарах гол гүүрнүүд дээрээ шилэн кабельд холбогдсон орчин үеийн камерууд байрлуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд аймгийн маань хүн амын тэн хагасаас илүү нь суурьшсан Чойбалсан хотын гудамж талбайг ирэх онуудад иж бүрэн камержуулан, Цагдаагийн газарт нэгдсэн серверийг байрлуулж, хотоо бүхэлд нь хянах ажлыг зохион байгуулах болно.

Зарим сумд ч өөрийн төсвөөр сумын төвөө камержуулсан сайн туршлага байна. Тухайлбал, Халхгол сум сумын төвөө камерын хяналттай болгосон байна.

Бид архидалттай тэмцэхийн тулд аймаг, орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлэх, өсвөр наснаас нь сэтгэлийн хат суулгах, архинаас хамааралгүй болсон иргэдээ нэн тэргүүнд дэмжин туслах, тэднийг ажил орлоготой, хамт олонтой болгох, төрийн байгууллага, өрхийн тэргүүн, эзэгтэй нараасаа эхлээд үлгэрлэн манлайлах зэргээр олон ажлыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн маань ухамсар, зан үйл сайжирч байна. Энэ бол хамгийн сайн зүйл ээ.

Хувь хүний эрх чөлөө, хувийн өмчтэй байхыг дэмждэг өнөөгийн ардчилсан нийгэмд айл өрх, иргэн бүр шахам автомашин, мотоцикл, тэээврийн хэрэгсэлтэй болж байна. Жолооны дамжааг ч богино хугацаанд төгсөж тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болж байна. Иймд тэдний ухамсар, хариуцлагыг дээшлүүлж, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалалтын бүсээ тогтмол хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй зорчих гээд иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан олон дадлыг бий болгох талаар сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, замын хөдөлгөөнийг хянах ажилд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилтууд тус хөтөлбөрт тусгагдсан. Одоо хэрэгжүүлж ажиллах нь чухал байна.

Аймгийн Цагдаагийн газрын санаачлагаар Хөлөнбуйр суманд саяхан Сум дундын Цагдаагийн тасаг байгуулагдлаа. Мөн тус суманд Мянганы зам дагуу Цагдаагийн пост шинээр баригдсан бөгөөд хот хоорондын замд гарч буй зам, тээврийн ослыг бууруулахад үр дүн гарна гэж найдаж байна.

Бид “Сургууль, цэцэрлэгийн бүс төслийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж, “Эцэг, эх-Зохицуулагч арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхэд зам тээврийн осолд өртөөгүй. Энэ бол эцэг, эхчүүд болон сургууль, багш хамт олны хамтын ажиллагааны үр дүн гэдгийн нэг жишээ юм.

Таван-Эрдэнэ хэмээх мал сүрэг бол бидний үндэсний баялаг бөгөөд хөдөөгийн ард иргэдийн маань амьжиргааны хамгийн гол эх үүсвэр байдаг. Малчдын бүлэг нөхөрлөл байгуулахыг дэмжих, малчдын хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэргийн талаархи мэдээллийг хүлээн авч урамшуулах, үйлдэгдсэн гэмт хэрэгт хуулийн дагуу шийтгэх зэргээр иргэн, цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллахаар хөтөлбөрт батлагдсан.

Энэхүү хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх нь бидний хамтын хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаална гэдгийг дахин давтан тэмдэглэн энд хуран цугларсан Та бүхэндээ уриалж байна.

Цаашид бид бүхэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болох хууль бусаар байгалийн баялаг ашиглах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлж буй эсэхэд өндөр хяналт тавин ажиллах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлчээр, мал, эд хөрөнгөд хохирол учруулсан бол тус этгээдүүдэд хуульд заасан хариуцлагыг тухай бүр шуурхай тооцож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нийтэд мэдээлэх ажилд онцгой анхааран ажиллах болно.

Ингээд бидний хийж хэрэгжүүлэхээр зорьсон бодлого, зорилт, хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө зардлыг боломжит эх үүсвэртээ тулгуурлан батлан өгсөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Хурлын төлөөлөгчиддөө талархал илэрхийлж байна.

Аймгийн Цагдаагийн байгууллага, түүний удирдлага санал, санаачлага сайтай, эрч хүчтэй байгаа бөгөөд 2018 оны ажлаараа улсын хэмжээний Цагдаагийн байгууллагуудаас дэд байрт шалгарсан амжилттай байгаа Ганзориг даргатай аймгийн Цагдаагийн байгууллагын хамт олондоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө зүтгэх, энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд нь нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Энэхүү танхимд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар