Чойбалсан, Дорнод
 
 

СУРГАМЖИТ_ИЛ_ЗАХИДАЛ-2018# ЦУВРАЛ №8 Хүндэтгэсэн:Баянтүмэн сумын 1-р багийн өндөр настан Ж.Данжин

2018-11-10 12:04

#ЗАЛУУ_ҮЕДЭЭ_ИЛГЭЭХ_ЗАХИДАЛ 2018.10.09 Энэхүү захидлыг бичигч өвгөн би 1946 оны гал нохой жил төрсөн 72 насыг зооголж яваа билээ. Миний бие 1955 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын бага сургуульд орж эрдмийн мөр хөөх нөр их аяны гараагаа эхэлсэн. 1965 онд Дорнод аймгийн 1-р 10 жилийн сургуулийг төгсөж Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн дээд сургуульд орж суралцан 1970 онд дээд мэргэжлийн Зоотехникчээр төгсөж энэл Баянтүмэн сумаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн хүн юм аа. Намайг дээд сургуульд төгсөөд нэгдлийн ерөнхий зоотехникчээр томилогдон ирж байхад энэ сум нэгдлийн дарга О.Жанлав, орлогч дарга Ч.Онжин, намын үүрийн дарга М.Дамбаравжаа, намын үүрийн орлогч дарга С.Рэнцэнханд гэх мэтийн олон сайхан хүмүүс байж, тэдний гар дээр би нийгмийн хүмүүжлийг олж, оюуны ойгоо тэлж билээ. Тэр үед машин техник ховор байсан болохоор нэгдлийн ерөнхий зоотехникч би 12 морь унах нооромтой, мориор л энэ сумын хөдөөгийн багуудад үүргээ гүйцэтгэж байсан даа. Одоо цаг шал өөр болж унаа цуцааны хувьд үнэн сайхан болжээ. Ажил төрлийн байдал ч бидний үеэс шал өөр болсон. Бид тэр үед орос, хятад сампин, гараар эргүүлдэг тооны төмөр машин, бичгийн машинаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэглээ гээд улсын ажлыг цалгардуулж байсангүй. Тэр үед бидэнд суусан нийгмийн хүмүүжил бол цагийн юмыг цагт нь маш үнэн зөвөөр чанартай хийж гүйцэтгэхийг зорьдог байсан юм. Тэр үед сонин хэвлэл унших, нийтийн лекцэнд долоо хоногийн пүрэв гаригийн орой суух, даваа гаригийн өглөө сонин уншлаганд суух бөгөөд нэгч минут хоцрохгүй очиж байгууллага, байгууллагаараа бүртгүүлдэг, хэрэв хоцорч ирвэл хамгийн урд эгнээнд суулгаж баалдаг байсан. Тэр үед намын төв хорооны хурал, сайд нарын зөвлөлийн шийдвэр тогтоолуудыг гарсан даруйд нь тэмдэглэл хөтлүүлж шалгалт авч, яаж хэрэгжүүлэх төлөвлөгөө намын дарга хариуцан нийт сэхээтнүүдээр хийлгэдэг байж билээ. Энэ мэтчилэн ажиллаж байжээ. Энэ хэдийгээр та нарт шал хэрэггүй хуучин нийгмийн хоцрогдонгуй зүйл мэт санагдаж магадгүй ч нэг л зүйлийг энэ дотроос салгаж ойлгох хэрэгтэй. Энэ бол ажлын хариуцлага, цагийн юмыг цагт нь чанартай гүйцэтгэх гэдэг ойлголт бол аль ч нийгэмд байх ёстой зүйл шүү. Одоо шинжлэх ухаан хөгжихийн хирээр техникийн хөгжил маш хурдтай дээшилж байна. Энэ дэвшил хөгжлийг амьдралд бүтээлчээр, дүүрэн ашиглаж амжилтанд хүрэхийг л дүү нар минь хичээгээрэй. Баянтүмэн сумын 1-р багийн өндөр настан Ж.Данжин Утас: 89186934


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар