Чойбалсан, Дорнод
БизнесУул уурхайХААДэд бүтэцБанк санхүүҮнэт цаасТөсөвТендерДэлхийХүчтэй тоглогчид
 
 

Голомт банкинд Монголбанк шалгалт оруулах нь ээ

2014-02-11 12:59

Голомт банкны асуудал Монголоосоо хальж олон улсын анхааралд орж шуугиан тарилаа. Олон оронд салбартай, дэлхийд санхүү, эдийн засгийн чиглэлээрх  мэдээллийг түлхүү хүргэдэг хүчирхэг мэдээллийн хэрэгсэл болох Влүүмбэрг “Голомт” банкийг онцолж мэдээлэл бэлтгэж хүргэсэн байна. “Блүүмбэрг”-ийн нийтлэлч Yuriy Humber  бичиж нийтлэснийг орчуулан хүргэе.

Үүнд “Монгол Улс алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд ойролцоогоор 1.3 триллион ам.долларын баялагтай. Гадныхан заримдаа Монголыг “Minegolia” гэж нэрлэдэг. Мөн дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай улс.

Гэвч, гадны хөрөнгө оруулагчид энэ улсаас гарахыг хүсэх болов. Энэ нь олон шалтгаантай бөгөөд хамгийн сүүлд л гэхэд Монголын хамгийн том зээлдүүлэгч гэгддэг “Голомт” банктай холбоотой дуулиан гарсан.

Тодруулбал, Швейцарийн “Кредит Сүисс групп” болон Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан “Голомт” банкинд сүүлийн таван жил хөрөнгө оруулж байгаа. Гэтэл эдгээр байгууллага “Голомт”-оос харилцаагаа таслах гэж байгаа бөгөөд энэ нь тус банк хөрөнгө оруулагчдад гаргаж өгсөн тайланд зээлийн мэдээллийг бүрэн тусгаагүй, гэрээний дагуу ажиллаагүй, санхүүгийн баримтуудыг устгасан .

Хөрөнгө оруулагчдын аль аль нь “Голомт”-ыг гэрээгээ зөрчсөн гэж үзсэн ба хөндлөнгийн шинжээчдийг энэ асуудалд оролцуулж, сүүлийн саруудын зээлийн эргэн төлөлтийг нягтлахаар завдаж байгаа гэж мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэн тус банкны удирдлагууд Хонгконг, Нью-Йорк руу нисч, шинэ хөрөнгө оруулагч хайж байгаа гэжээ.

 

Кредит Сүисс” болон Абу Даби хамтран 2007 оноос хойш “Голомт”-д 35 сая ам.долларын хөрвөх зээл олгосон аж. “Блүүмбэрг”-ийн мэдээллийн дараа энэ банкинд аудитын шалгалт хийхээр болсон байна.

Гэрээ ёсоор таван жил тутамд, хөрөнгө оруулагчид “Голомт”-ын хувьцаанаас тодорхой хэсгийг эзэмшихээр болсон байсан. Гэтэл 2012 он гарчихаад байхад IPO гаргах ямар ч нөхцөл бүрдээгүй байж.

Гол нь мөн онд гадаадын хөрөнгө оруулагчид, банкны ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага “Голомт” банк Японы худалдааны компанид 2008 оноос хойш төлбөр төлж байгаа талаар сонссон гэж дурджээ.

 

 “Голомт” банк 2012 оны эхний гурван сарын санхүүгийн аудитын тайланг гаргаж өгөөгүй. Мөн оны сүүлчээр банкны ТУЗ-ийн дүрмийн дагуу шалгалт хийсэн байна. Тэгэхэд гарын үсгээр баталгаажуулаагүй аудитын баримт хавсаргаж, банкны менежерүүд санхүүгийн баримтуудыг устгасан нь илэрчээ.

Тодруулбал, 2007 оны наймдугаар сараас 2008 оны тавдугаар сар хүртэлх бэлэн мөнгөний шилжүүлгийн 6800 гаруй баримтыг устгасан гэж “PricewaterhouseCoopers”-ийн тайланд бичсэн байв. Гол нь материал устгасан хүмүүс одоо ч банкинд ажиллаж байгаа гэж дээрх байгууллага 2013 оны наймдугаар сарын 12-нд бичсэн тайландаа бичжээ.

 

“Кредит Сүисс”-ийн төлөөлөгч Жозефина Лий “Голомт”-той холбоотой асуудлаар тайлбар хийхгүй гэжээ. Харин Абу Дабигийн төлөөлөгч Марк Кутис энэ талаар ярина гэсэн ч одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Тэрбээр “Голомт”-той холбоотой асуудлуудыг нарийн авч үзэж, арбитр, аудитын шалгалтын дүгнэлт зэрэгт тулгуурлаж мэдэгдэнэ гэсэн. Энэ асуудалтай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сулрах хандлагатай гэж шинжээчид үзэж байна.

Монгол Улс гурван сая хүн амтай ч, Францаас гурав дахин их газар нутагтай. Хамгийн өсөлттэй эдийн засагтай, ДНБ нь даруй 17.5 хувиар өссөн гэхээр чамгүй үзүүлэлт гарна. Гэвч эрхзүйн орчин нь бүдэг.

2011-2012 онтой харьцуулахад өнгөрсөн онд хөрөнгө оруулалт хоёр дахин буурчээ"  гэжээ.

Энэ мэдээлэл цацагдангуут  Голомт банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд шуурхайлан тайлбар хийлээ. Тэрээр"Яагаад олон улсын нэр хүнд бүхий мэдээллийн хэрэгслүүд хэт нэг талыг барьсан, шалгагдаж нотлогдоогүй баримт материалд суурилсан мэдээллийг ойр ойрхон дуу дуугаа авалцан цацаад байна вэ? Чухам ямар зорилго цаана нь байна? гэсэн асуулт аяндаа гарч ирж байна.


Иточу, Кредит Свисс-тэй холбоотой асуудал бүрэн шийдэгдсэн. Абу Даби-тай холбоотой зүйлийг зөвөөр ойлгуулахад, энэ бол хөрөнгө оруулалт биш, хоёрдогч өглөгийн хөрвөх зээлийн тухай асуудал юм. Би түрүүн бизнес болоод компаниудын хөгжил  шинэ шатанд гарч байна гэж хэлсэн. Манай компани  үндэсний компани байж байгаад 2007 оноос  хөгжлийнхөө жамаар гадаадын  хөрөнгө оруулалт, оролцоотой  болж эхэлсэн. Голомт банк болон Абу Даби Инвестмент Консулын эзэмшдэг Станхоп инвестмент компани хооронд  байгуулсан хоёрдогч өглөгийн зээлийн  гэрээг хэрэгжүүлэх тал дээр ойлголтын зөрүү гарсантай холбоотой маргаж байгаа л асуудал. Харамсалтай нь дээрх агентлагууд энэ асуудлыг хэт нэг талын өнцгөөс харж мэдээлсэнд байгаа юм. Бидний хувьд бол өөрийнхөө байр сууринд итгэлтэй байгаа.


Хувь хүний байр сууриа илэрхийлэхэд гадаадын хөрөнгө оруулагчид өндөр өсөлттэй  эдийн засагт  өндөр ашиг хийх гэж орж ирсэн бол өндөр эрсдэлийг нь ч гэсэн  хуваалцах  ёстой шүү дээ.  Аливаа асуудал харилцан  тохиролцсон гэрээний дагуу л явагдах учиртай.  Иймээс бид гэрээгээ баримтлах ёстой гэсэн  шаардлагыг тавьж байгаа. Гадныхан өрмийг нь аваад Монголчууд хусмыг нь авах ёстой гэсэн ойлголт байж болохгүй гэж хувьдаа боддог.


Ер нь манай банкны нийт активын ердөө нэг хувьд ч хүрэхгүй зээлийн гэрээний маргааныг ингэж нэр хүндэд халдаж дөвийлгөөд байх нь буруу гэдгийг хатуу хэлмээр байна" гэсэн байна.

 

Энэ бүхнээс харахад Голомт банкинд асуудал үүсч, өндөр эрсдэл тулгарчээ гэж ойлгож болохоор байна. Гүйцэтгэх захирал нь хөрөнгө оруулагч нараа ч өндөр эрсдэлийг хамтдаа үүрэлцэх ёстой гэж байр сууриа илэрхийлж байгаа нь энэ бүхнийг илтгэж байгаа хэрэг.

 

Монголын томоохон банкны хувьд ийм асуудал үүсч байгаад хэрэглэгч, харилцагч нар болгоомжлох нь аргагүй. Төв банк буюу Монголбанк ч Голомт банкинд шалгалт оруулах гэж байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгч байна.

Х.Тэргэл www.times.mn



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар