Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Домогт цагаан сар хэнд ашигтай вэ?

2014-01-12 13:34

Дэлхийн улс орнууд ард түмнийхээ хамгийн их хэрэгцээт бараануудын үнийг барьж иргэдийнхээ худалдан авах чадварт тохируулан эдийн засгаа удирдан зохицуулдаг жамтай. Гэтэл Монгол оронд зах зээл гэсэн нэрийн дор гэмт хэрэг явагдаж стратегийн чухал бараа жишээлбэл хүнс, шатахуун болон дулаан хувцасны үнийг төрийн мэдлээс салгаж компануудын мэдэлд өгснөөр Монгол орон эдийн засаггүй болжээ. Эдийн засаг гэдэг хүмүүст ээлтэй бодлого явуулах гэсэн ухагдуун болохоос чадаж байгаа нь монж гэсэн үг биш.

Жил бүр тэмдэглэдэг цагаан сар хүртэл зах зээлийн гэмт хэрэгтнүүдийн золиос болсноор тэмдэглэхэд нэг л таагүй баяр болон хувирсан. Хүмүүс цагаан сар ойртохоор баярлахаасаа илүү тээр шаах нь элбэг. Цагаан сар болох гэнэ одоо яанаа гэж халагласан хүмүүс захаасаа авахуулаад гудамжаар дүүрэн. Дургүйд хүчгүй гэгчээр хямдхан бараа хайж хүний гар дээр тавих юухан хээхэн хайсан хүмүүс урамтай худалдаа хийх биш харин ярвайж өөрийгөө бас өрөөлийг хуурсан худалдаа хийцгээнэ.

Цагаан сарыг тэмдэглэх яах ч аргагүй зөв. Гэхдээ цагаан сарыг эрт урьдын баяр гэдгээр л тэмдэглэж буй тул домогийн чанартай гэдгийг анхаармаар юм. Түүнээс биш цагаан сарыг тойрсон үл бүтэх шашны болон мухар сүсгийн үйлдлүүд газар авч 21-р зуунд өөрсдийгөө бид арай ч дээ гэмээр санагдна. Цагаан сарыг дагасан маргаан мэтгэлцээнүүд гэнэт алга болсон явдал зурхайчид ч бас хоорондоо найрсаны шинж биз ээ. Цагаан сар хүртэл ардчилалгүй болчих юм.

Цагаан сарыг Ази тивийн орнуудын шинэ жилийн баяр гэж ойлгох нь жамтай. Монгол хүмүүсийн хувьд бол шинэ жилийн хажуугаар бас өвлийн баяр. Түүн дээр нэмээд таван хошуу малын баяр. Азийн орнууд дотор Монгол хүн шиг хүйтэн өвөлтэй тулалддаг ард түмэн үгүй. Өвлийн хүйтнийг эсэн мэнд давах гэдэг тийм ч амар ажил биш. Цагаан сарын ширээн дээрх ууцны өөхний зузаанаар малчин ард түмэн хэр их хөдөлмөрөөр мал сүргээ онд өнөтэй авч гарсанаа гайхуулан харуулдаг. Тиймээс ажил хөдөлмөрийн баяр.

Компанууд цагаан сарыг бузарлаад зогсохгүй бас сүм хийдүүд цагаан сарыг хөсөр болгох гэж хичээцгээнэ. Түвд шашны элдэв ном судар ярьсан лам нар мэдэмхийрч цагаан сарыг шашны баяр болгож чаджээ. Зурхайч Тэрбиш гэж МУИС –иас гараагаа эхэлсэн цуутай хүн шашин болон зурхай хоёрыг хольж хутган цагаан сарын том бизнестэй болсон гэдэг. Тэр албан тушаалтнуудад доль цохиж хэзээд он тооллын бичгийг хэвлүүлэх дархан эрхийн төлөө амжилттай ажилласаар л. Гэвч цагаан сарын түүхийг хэлээд өгчих олигтой түүхчид ч алга. Компани, шашин, зурхай болон Тэрбиш нарын золиос болсон цагаан сараа тэмдэглэх гэж ард түмэн бууз баншаа чимхэж, махаа чанаж, хэвийн боовоо хугалчихгүй шиг гэр лүүгээ зөөж хөлдөөх шахсан хүйтэн хөндий хэдэн захуудаар хэсүүчлэнэ. Ихэнхдээ урдаас оруулж ирсэн хямдхан, чанаргүй, дараа нь хэрэг болохоосоо хэрэг болохгүй нь их бараа нэртэй хогнуудыг хэдэн төгрөгөөрөө сольцгооно. Айл бүр бас л ширээн дээрээ нэг шил архи тавихааас өөр замгүй тул архины үйлдвэрүүд бас л хожно биз дээ. Архийг хүнсний нэрийн тоонд оруулдаг орон манайхаас өөр байх биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага архийг аль хэдийн эрүүл мэндэд хортой дөрвөн хорны нэг гэж тодорхойлоод удаж байна. Гэтэл архины шил нь улам гоё болоод л харин доторх найруулсан спирт хэвээрээ байхад л магтаад л бас шагнаад л. Цагаан сар тэмдэглэхэд тэтгэвэр орлого нь хүрэхгүй хүмүүст гадаадад сурч ажиллаж амиа зогоож яваа монголын залуус хэдэн доллар гуйвуулж туслана. Харин гуйвуулсан мөнгөнөөс нь бас ч үгүй ханаж цаддаггүй банк ченжүүд ашгийн хэдэн хувиа татаад авч дөнгөнө. Энэ олон мангасуудын дунд домогт цагаан сар өнөөдөр ард түмний баяр нэрийн дор 2 дугаар сарын 10 ны өдөр тэмдэглэгдэх гэж байна.

Монгол орон нэгэнт л дэлхийн нийгэмлэгийн нэг л гишүүн бас нэг л календар хэрэглэдэг хойно тэдэнтэйгээ л хамт шинэ оноо тэмдэглэх нь дамжиггүй биз дээ. Түүнээс биш шар зурхай, Төгс буянт гэх мэт ойлголтууд эсвэл гадуур алхаж цаас урж, шүдэнзний мод хуглаж шидэх мухар сүсгүүд өнөөдөр 21-р зуунд нэг их утга учиртай биш шүү дээ. Хүн төрөлхтөн техник технологи хөгжсөн орчин үеэр амьдарч байхад Монгол хүн ч гэсэн өнөөдөр ч бас мухар сүсэгт үнэмшдэг хэвээрээ байх урагшлаж өөдлөхөд саадтай шүү дээ. Юмыг боловсронгуй бас өөрсөндөө төвөг учруулахгүйгээр зохион байгуулдаг төр улсын бодлого ч гэсэн хийгдмээр л юм даа.

Цагаан сарыг үлгэр домгоор л баярлаж байгаа шүү гэдгээ мартаж болохгүй. Тиймээс түүнийг тойрон хийгдэж буй хадаг барих, хөөрөг солилцох, идээнд гар хүрэх эсвэл ууц хөндөх гэх мэт бүгд л үлгэр домог болохоос биш заавал гүйцэтгэх ёстой хатуу шаардсан хууль дурэм биш шүү дээ. Хэн ч түүнээс татгалзаж болно. Дэлхийн ард түмнүүд цагаан сараа үлгэр домог гэдгээр нь тэмдэглэдэг болохоос биш түүндээ итгэж үнэмшдэггүйг бид гадаад орнуудаас суралцсан шүү дээ.

Христийн шашинтай орнууд Мэрри Христмас тэмдэглэж 12 дугаар сарын 31 ны өдрийг оны сүүлчийн өдөр гэж тогтоож 1 дүгээр сарын 1 нд шинэ он эхлэхээр тооны аргыг хэрэглэжээ. Үүнийг Григоряны календарийн дагуу тоолдог. Лалын шашинд ч гэсэн өөрийн гэсэн календарын домогтой. Тэд одоогоор 1434 ондоо яваа ажээ. Гэхдээ түүнийгээ зөвхөн шашны зорилгод хэрэглэж харин нийгмийн амьдрал Григоряны буюу дэлхий нийтийн календарыг дагадаг. Еврэй нар шашныхаа домгийн он тооллоор өнөөдөр 5774 ондоо яваа ажээ. Америк тивийн Маяа ард түмний календарын домгоор бол 2012 оны 12 дугаар сарын 21 ний өдөр дэлхий сөнөх биш төгсгөл болох байсан. Энэ бүгд хуучны хоцрогдсон домгууд. Монголчууд домогт үнэмшээд дэлхий сөнөлөө гэж хотоос гарцгаасан гэдэг. Шатахуун түгээх газруудад л ашигтай байж дээ.

Азийн орнуудаас Хятадын ард түмэн цагаан сараа маш сүртэй тэмдэглэдэг. Тэд битүүний өдөр их цэвэрлэгээ хийдэг. Хашаа хороо байшин барилга хот суурингийн уламжлалтай газар хойно цэвэр цэмцгэр байхыг хичээдэг биз. /Манайд ч бас ихэвчлэн хөдөөгүүр тэгж харагддаг/ Хятадууд шинийн нэгний өглөө ээж аавтайгаа золгоцгооно. Гэр бүл болоогүй хүүхдүүддээ дугтуйтай мөнгө өгдөг. Харин хоёр дахь өдөр хүнтэй гэрлээд явчихсан хүүхдүүд нь ирж золгодог ажээ. Хэрвээ гэр бүлийнхэний хэн нэгэн насан барсан бол гурван жилийн турш цагаан сар хийдэггүй гэсэн домог бий. Орчин үед энэ байдал өөр боловсронгуй болжээ. Айл бүр бараг ганц л хүүхэдтэй тул жил бүр л тэмдэглэцгээнэ.

Монгол орны хувьд цагаан сар зөвхөн нийгмийн асуудал болоод зогсохгүй хувь хүмүүст саадтай дарамттай болжээ. Цагаан сар ерөөсөө боловсронгуй болж зөвхөн гэр бүлийнхэний болон хамгийн ойр хүмүүсийн хүрээнд л тэмдэглэгдэхэд хангалттай болж. Ялангуяа Улаанбаатар хотод яг л хөдөө байгаа мэт цагаан сар тэмдэглэж буй ойлгомжгүй. Бие даасан иргэн хүнд дарамт учруулж заавал баярлах гэж тулгах эсвэл золгосонгүй гэж гомдох утгагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх.

Золгож байгаа нь энэ гээд л хөгшин залуу хүмүүсийн эрэлд гарцгааж нэг нэгнийгээ хүнд байдалд оруулах эвгүй л харагддаг. Орчин үеийн хүн хөгшрөх дургүй байна шүү дээ. Тэд залуугаараа байхыг хүсэх болсоныг мартаж болохгүй. Гэтэл тэдгээр хүмүүсийг Та хамгийн хөгшин нь Тантай золгоноо гэж дайрч довтолдог хүмүүс бусдыг хүндэлдэггүй гэхэд зовоогоод хэрэггүй болов уу. Ёс заншил гэсэн хуучирсан ойлголтоор ёс суртахууныг юман чинээ боддоггүй, тэгээд ч эмээ, өвөө гэсэн ойлголтууд орчин үед тохирохоо больжээ гэдгийг ойлгомоор доо. Цагаан сар ямар ашигтай вэ? Ерөөсөө хэнд ашигтай вэ? Цагаан сар хэнд ашигтай вэ гэвэл ард түмэнд л ашигтай байх ёстой. Иргэд гэр орондоо хамтдаа хэд арван хэвийн боовыг хялбархан аргаар өөрсдөө хийж, нэгэндээ заавал бэлэг гэхгүйгээр хамгийн хэрэгцээтэй зүйлийг нь асууж бэлэглэж баярлуулах. Яагаад идэж уух зүйлсээ хамтдаа хийлцэх ёстой вэ гэхээр эв нэгдэлтэй шүү гэдгээ баталгаажуулах. Түүнээс биш бэлэн чанаргүй зүйлсийг шууд худалдаж авах ямар ч утгагүй бас ач холбогдолгүй шүү дээ. Хойтон жил 2014 оны цагаан сарын шинийн нэгэн бол 1 дүгээр сарын 31 ний өдөр. Энэ үеэр л ард түмэн өөрсөндөө ашигтайгаар цагаан сар тэмдэглэх боломж бас нэг олдоно шүү.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар